» » Ард нийтээс асуух хугацаа сонгуультай хамт байх боломжтой гэв

Ард нийтээс асуух хугацаа сонгуультай хамт байх боломжтой гэв

 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн ордонд болсон. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар ажлын хэсэг мэдээлэл өглөө.
"Зөвлөлдөх зөвлөлөөс энэ сарын 6-ны дотор УИХ-д санал зөвлөмж илгээнэ. Өөрөөр хэлбэл зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг ажил хэрэг болгож асуудлыг анхааралдаа авч үзэж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах дээд шат руугаа шилжинэ. Үүнтэй холбоотойгоор зөвшилцлийн комисс гарна. УИХ-д өргөн барьсаны дараа гишүүд нэг бүрчлэн тунгаан хэлэлцэж хуулийн дагуу гуравны хоёрын саналыг авсан зүйл заалтууд үлдэж, хамгийн сүүлд нь ард нийтээсээ асуух шатанд шилхэнэ гэж найдаж байна" хэмээн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэллээ.
Энэ үеэр тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлсэн зургаан сэдвээ хэрхэн яаж сонгосон бэ. Энэ зургаан сэдэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хар сэдэв гэж хэлж болох уу?
Г.УИХ-ын гишүүн Занданшатар: Зургаан сэдвийг сонгох асуудал олон шат дамжсан. Үндсэн хуулийн 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ асуудлыг хэлэлцсэн. Сүүлийн 20-иод жил яригдаж байгаа засаглалын хэлбэрийг тодорхой болгох, олон толгойг нэг болгох, төлөөллийн байгууллага, ардын их хурлыг бий болгох санал гарсан. Дараа нь ШУА-аас Үндсэн хууль судалдаг бүх эрдэмтэн судлаачдыг оролцуулан эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Тэд Үндсэн хуулийн 25 жилийн үйл ажиллагааны хэрэгжилтэд дүгнэлт өгсөн. Тус дүгнэлтэд дээрх асуудлууд тусгагдсан. Түүнчлэн хурлуудын зөвлөмжийг үндэслэж, Засгийн газар хараат бус эрдэмтэн судлаачдын ажлын хэсгийг байгуулсан.  Хууль зүйн сургуулийн захирал, доктор н.Энхбаатараар ахлуулсан ШУА-ийн эрдэмтэд, УИХ-ын гишүүн асан М.Батчимэгээс авахуулаад хараат бус судлаачид оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 21 аймагт очиж хэлэлцүүлэг семинар хийж, санал асуулгын журмаар социологийн судалгаа явуулсан. 3617 хүн энэхүү судалгаанд оролцсон. Энэ мэтчилэн 20-иод сэдвээс зургаан сэдвийг сонгосон.
-Журмын тухай хуулийг хөндөх үү. Өмнөх УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байсан. Өмнөх хуулийн төслөөс ямар зүйлийг нь авч ямрыг хаяж байгаа вэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн зардал хэд вэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт олон жил яригдсан. Үе үеийн өргөн баригдсан төслүүдэд давхар ажиллана. Гэхдээ бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг аль болох өөрчлөхгүй тогтвортой үйлчлүүлэх чигийг барьж явна. Өөрөөр хэлбэл 30 гаруй хувьд өөрчлөлт хийх талаар яригдаж болно. Зардал мөнгөний тухайд 250 сая төгрөгийг баталж өгсөн. Хэрвээ дутсан тохиолдолд Засгийн газрын нөөцөөс тодорхой хэмжээний зардал гаргана. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтээр хэлэлцүүлэх юм бол зардал нэмэгдэнэ. Нийт ард түмнээс асуух шатыг болж л өгвөл зардал мөнгөө хэмнээд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болно. Үүний төлөө намууд ажиллана. Зөвшилцлийн баримт бичиг учир хугацаа ямар байхыг шуудхан хэлэх боломжгүй.